Амны хайрцгийн хөдөлгөөн ба уруулын хэлбэр

Дохионы хэлний нэг дохио таван бүрдүүлбэр буюу гарын хэлбэр, байрлал, хөдөлгөөн, алганы чиглэл, үгэн бус илэрхийллээс бүтдэг. Сүүлийн бүрдүүлбэрээс бусад дөрөв нь гарын оролцоотой бүрдүүлбэр юм. Тав дах бүрдүүлбэр буюу үгэн бус илэрхийлэл гэдэгт нүүр хувирал, биеийн хөдөлгөөн, толгойн хөдөлгөөн, нүдний харцны хөдөлгөөн, амны хайрцгийн хөдөлгөөн ба уруулын хэлбэр зэрэг элементүүд багтана.  Тухайлбал “ШИНЭ”, “ЦЭВЭР” гэсэн хоёр дохионы гарын хэлбэр, байрлал, хөдөлгөөн, алганы чиглэл яг ижил боловч зөвхөн үгэн бус илэрхийллээр ялгарч байна. “ШИНЭ” гэсэн дохионы уруулын хэлбэр “ш” үсэг шиг хэлбэртэй бол “ЦЭВЭР” гэсэн дохиог нүдээ онийлгон амаа жимийсэн байна.

Өөр нэгэн жишээ нь “ГАДААД”, “АРГА”, “БОДОХ” гэсэн уг гурван дохионы эхний дөрвөн бүрдүүлбэр яг ижил ч тус бүр үгэн бус илэрхийллээрээ ялгагдаж байна. Тухайлбал “ГАДААД гэсэн дохио нь амны хайрцгийн хэлбэрээр, “АРГА” гэсэн дохио нь толгойн санжганах хөдөлгөөнөөр, харин “БОДОХ” гэсэн дохио хөмсгөө буулгаж, нүдээ онийлгосноороо өөр хоорондоо ялгарч, огт өөр үгийн утгыг илэрхийлж байна.

Нүүр хувирал болон биеийн, толгойн, нүдний, амны хөдөлгөөн зэрэг үгэн бус илэрхийллийн элементүүдээс амны хайрцгийн хөдөлгөөн буюу уруулын хэлбэрийн талаар дэлгэрүүлж тайлбарлая. Амны хайрцгийн хөдөлгөөнийг гурван төрөлд ангилъя. Үүнд:

  1. Дохионы үгийг бүтнээр илэрхийлэх амны хөдөлгөөн
  2. Дохионы үгийг хэсэгчлэн илэрхийлэх амны хөдөлгөөн
  3. Үг үл хамаарч, дохионы утгыг дүрсэлдэг амны хайрцгийн хэлбэр, уруулын хөдөлгөөн

Дээрх гурван төрлийн дагуу ялгаатай амны хөдөлгөөнтэй дохиог жишээ болгон харуулбал, дохионы үгийг бүтнээр илэрхийлэх амны хөдөлгөөнтэй дохио:  “ААВ”, “ЭЭЖ”, “НОМ”. Дохионы үгийг хэсэгчлэн амны хөдөлгөөнөөр илэрхийлэх дохио нь “ГАЗАР”, “МЭДЭХ”, “ОЙЛГОХ” гэсэн дохионууд байна. Харин дохионы утгыг илэрхийлдэг амны хайрцгийн хэлбэр, уруулын хөдөлгөөн бүхий дохионууд: “ТААРУУХАН”, “ДАЖГҮЙ”, “ТУРАНХАЙ” гэсэн дохио байна.

“ХАЙРТАЙ” гэсэн дохиог гурван төрлийн амны хөдөлгөөнөөр илэрхийллээ. Эхнийх нь уг дохиог илэрхийлэхдээ тухайн дохионы үгийг бүтнээр нь “хайртай” гэж амны хөдөлгөөнөөр илэрхийлж байгаа бол дараагийн дохио нь үгийг хэсэгчлэн “хай” гэсэн амны хөдөлгөөнтэй илэрхийлж байна. Сүүлийн дохио нь “амаа жимийсэн” уруулын хэлбэртэй байна. Уг гурван төрлийн амны хөдөлгөөний аль алинаар илэрхийлэгдэж буй “ХАЙРТАЙ” гэсэн дохионы бүх хувилбарыг  хэрэглэж болно.

“ГОМДОХ” гэсэн дохиог уг гурван амны хөдөлгөөнөөр илэрхийлж үзүүллээ. Эхний дохио нь “Гомдох” гэсэн үгийг бүтнээр амны хөдөлгөөнөөр илэрхийлсэн бол хоёр дахь дохионы амны хөдөлгөөн нь “гом…” гэж үгийг хэсэгчлэн илэрхийлж байна. Гурав дахь дохио нь тухайн дохионы үгийг илэрхийлэхгүй, харин “хошуугаа унжуулж, цорвойлгосон” хэлбэртэй байна. Энэ гурван янзын амны хөдөлгөөнөөр илэрхийлж буй дохионууд нь бүгд ижил утгатай дохионы хувилбар юм.

Амны хайрцгийн хэлбэрээр “үлээх” уруулын хөдөлгөөн “САЛХИ” гэсэн дохиог илэрхийлэхдээ, эхний ангиллын дагуу бүтэн үгээр, амны хөдөлгөөнөөр “салхи” гэж илэрхийлэх боломжгүй. Өөр нэг дохионы жишээг иш татъя, хэлээрээ уруулаа төмбийлгөн илэрхийлдэг “САРМАГЧИН” гэсэн дохионы үгийг амны хөдөлгөөнөөр “сармагчин” гэж илэрхийлэх боломжгүй.  Үүний нэгэн адил дохио бүр дээрх амны хөдөлгөөний гурван ангиллаар бүрээр зэрэг илэрхийлэгдэх боломжгүй ба зарим дохио нь зөвхөн нэг амны хөдөлгөөнөөр илэрхийлэгддэг.

Амны хөдөлгөөний гурван төрөл болох дохионы үгийг бүтнээр илэрхийлэх, дохионы үгийг хэсэгчлэн илэрхийлэх, амны хайрцгийн хэлбэр ба уруулын хөдөлгөөний дохио зэрэг нь монгол дохионы хэлээр илэрхийлж буй дараах өгүүлбэрт бүгд хэрхэн хэрэглэгдэж байгааг бичлэгээс харна уу.  Өгүүлбэрийн утга нь: “Удахгүй болох сагсан бөмбөгийн тэмцээнээс өмнө манай баг бэлтгэлээ сайн хангасан”.

Дохионы хэлээр өгүүлбэрийг дохихдоо үг бүрийг нэг бүрчлэн амны хөдөлгөөнөөр дагаж хэлэх нь “Монгол дохионы хэл” бишээ. Харин монгол дохионы хэлээр өгүүлбэрийг дохихдоо гурван төрлийн амны хөдөлгөөнийг дохио бүрд нь тохируулах нь “жинхэнэ” Монгол дохионы хэл юм. Амны хөдөлгөөний гурван төрөл, тэр тусмаа амны хайрцгийн болон уруулын хэлбэр хөдөлгөөнийг таньж ялган, зөв ашиглаж сураарай.  Дохионы хэлээр өгүүлбэр илэрхийлэхдээ тохирсон амны хөдөлгөөн ашиглаж сурахын тулд энэхүү “Монгол дохионы хэлний цахим толь бичиг”-т буй жишиг өгүүлбэрээс суралцаж болно.

To top