Дохионы бүтэц

Ярианы хэлэнд авиа, авиалбарууд нийлж үг бүтээдэг. Жишээлбэл, “ш”, “а”, “р” гэсэн гурван авиа нийлэн “шар” гэсэн утга бүхий үгийг бүтээдэг. Дохионы хэлэнд нэг дохио гарын таван бүрдүүлбэр болох гарын хэлбэр, байрлал, хөдөлгөөн, алганы чиглэл, үгэн бус илэрхийллийн нийлэмжээр бүтдэг. Жишээлбэл, гарын хэлбэр нь , байрлал нь хацар дээр хүрсэн, хөдөлгөөн нь шулуун чигээрээ, алганы чиглэл дотогшоо харсан, үгэн бус илэрхийлэл нь амны хөдөлгөөнөөр уруулаа цорвойлгосон илэрхийлэл гаргаснаар “ШАР” гэсэн дохио бүтэж байна.

Эхний бүрдүүлбэр нь гарын хэлбэр байна. Дохио бүр янз бүрийн гарын хэлбэрээр илэрхийлэгддэг. Дохио бүр нэг болон хоёроос дээш гарын хэлбэрээр илэрхийлэгдэнэ. Нэг гарын хэлбэрээр илэрхийлэгдэх дохио нь “БАЯРЛАЛАА”, “ГОМДОХ”, “ТУСЛАХ” гэсэн дохионууд байна. Харин хоёроос дээш гарын хэлбэрээр илэрхийлэгдэх дохио нь “ЦЭЦЭРЛЭГ”, “НАР”, “ДЭЭД СУРГУУЛЬ”  гэсэн дохио байна.

Байрлал гэдэг нь дохио бүр биеийн аль нэг хэсэгт хүрэх эсвэл ойролцоо дохигддог тухайн байрлалыг илэрхийлдэг. Жишээлбэл, “БОДОХ” гэсэн дохио нь чамархай дээр, “ДЭВТЭР” гэсэн дохио нь гар дээр, “ТЭНГЭР” гэсэн дохио толгойн дээд хэсэгт, “ЗААХ” гэсэн дохио биеийн урд, “СЭТГЭЛ” гэсэн дохио цээжинд тус тус байрлалтай дохигдож байна. Дохио бүр өөрийн гэсэн байрлалд дохигддог.

Дохионы хэл бол хөдөлгөөнтэй хэл. Дохио бүрийг мөн янз бүрийн хөдөлгөөнөөр илэрхийлнэ. Жишээлбэл, “БАЙНА” гэсэн дохио доошоо шулуун чиглэлтэй, “ДУГУЙ” гэсэн дохио дугуйран эргэх хөдөлгөөнтэй, “ГОЛ” гэсэн дохио долгиолсон чигээрээ чиглэлтэй, “МАГАДГҮЙ” гэсэн дохио чичрэх хөдөлгөөнөөр илэрхийлэгдэж байна.

Алганы чиглэл гэдэг нь тухайн алга хаашаа харсан чиглэлтэй байхыг илэрхийлдэг. Гарын алгаа атгасан ч, дэлгэсэн ч аль чигт харуулсан байх ёстойг илэрхийлнэ. Жишээлбэл, “МИНИЙ” гэсэн дохионы алга дотогшоо харсан, “АХЛАГЧ” гэсэн дохионы алга нь зүүн болон доош харсан, “УУЛЗАХ” гэсэн дохионы баруун гарын алга нь зүүн тийш, зүүн гарын алга нь баруун тийш харсан байна. Дохио бүр өөрийн гэсэн алганы чиглэлээр илэрхийлэгддэг.

Үгэн бус илэрхийлэл гэдэгт нүүрний хувирал, биеийн хөдөлгөөн, толгойн хөдөлгөөн, нүдний харц, уруулын хөдөлгөөнүүд ордог. Ямар нэг зүйлийг дохихдоо үгэн бус илэрхийлэл гаргахгүй дохивол тухайн дохионы утгыг ойлгох төвөгтэй. Үгэн бус илэрхийлэл дохиотой хамт хэрэглэгдэж тухайн дохионы утгыг нэн тодорхой болгодог. Жишээлбэл, үгэн бус илэрхийлэлгүй “УУРЛАХ” гэсэн энэхүү дохио ямар утга илэрхийлж байгаа нь ойлгомжгүй харагдаж байна. Харин үгэн бус илэрхийлэлтэй дохионоос “УУРЛАХ” гэсэн дохионы утга ойлгомжтой байна. Мөн “БАЯРЛАХ” гэсэн дохиог үгэн бус илэрхийлэлгүй дохиход ойлгоход төвөгтэй харагдаж байгаа бол үгэн бус илэрхийлэлтэй дохио нь маш ойлгомжтой илэрхийлэгдэж байна. 

Таван бүрдүүлбэрийн аль нэг элементийг буруу илэрхийлснээр тухайн дохионы утга өөрчлөгддөг ба хэрхэн өөрчлөгдөж, улмаар ямар үр дагаварт хүргэдгийг доорх бичлэгээс үзэж сонирхож болно.

  1. Гарын хэлбэр
    “Ах” гэдэг үгийг ингэж илэрхийлдэг бол “хар” гэдэг үгийг ингэж илэрхийлнэ. Асуулт асууж байгаа хүн нь “Ах нь юу хийж байна вэ?” гэж асуух гэж байгаад “ах” гэдэг дохионы гарын хэлбэрийг буруу илэрхийлснээр “Хар юу хийж байгаа вэ?” гэж ойлгомжгүй асуулт асуусан байна. Таван бүрдүүлбэрийн гарын хэлбэрийг буруу илэрхийлэхэд л тухайн дохио өөр утгыг илэрхийлсэн дохио болж байна. Хэлэх гэсэн зүйлийнхээ дохионы гарын хэлбэрийг зөв илэрхийлэх шаардлагатай байна.
  2. Байрлал
    “Өвөө, эмээ” үгийг дохиогоор илэрхийлэхдээ гарын хэлбэр, хөдөлгөөн, алганы чиглэл адилхан. Харин дохионы байрлал болон үгэн бус илэрхийлэл нь өөр байна. “Өвөө” гэдэг дохиог илэрхийлэх байрлал нь духны хажуу хэсгээр ингэж илэрхийлнэ. “Эмээ” гэдэг дохиог эрүү хэсгээр мөн ингэж дохино. “Өвөөгийнх нь бие сайн уу?” гэж асуухдаа буруу байрлалаар дохиж байна. Үгэн бус илэрхийлэл буюу амны хайрцаг нь “өвөө” гэж байгаа ч дохио нь “эмээ” гэсэн байна. “Эмээ өвөө хоёрын хэнийх нь бие сайн уу?” гэж асууж байгаа юм бол гэж эргэлзэн бодоход хүргэж байна. Ямар нэг дохиог илэрхийлэхдээ дохионы байрлал хаана ч хамаагүй байж болохгүй нь ойлгомжтой юм.
  3. Хөдөлгөөн
    “Хоёулаа тэмцээн үзэх үү?” гэж асуухдаа буруу дохиог буруу хөдөлгөөнөөр илэрхийлсэн учир нөгөө хүн нь “Хоёулаа баян үзэх үү?” гэсэн утгагүй асуултыг ойлгохгүй байгаа нь илт. “Тэмцээн” болон “баян” гэсэн дохионы гарын хэлбэр, байрлал нь ижил ч өөр хөдөлгөөнөөр илэрхийлэгддэг. “Тэмцээн” гэсэн дохиог гарын хэлбэр нэг байрлалд хоёр удаа давтагдаж, ингэж дохино. “Баян” гэсэн дохионы гарын хэлбэр байсан байрлалаасаа дээш шулуун чиглэлийн хөдөлгөөнтэй ингэж илэрхийлэгддэг. Дохихдоо зөв хөдөлгөөн ашиглаж дохихгүй бол буруу ойлгогдох эрсдэлтэйг та харж байна.
  4. Алганы чиглэл
    “байна, өгөөч” гэсэн дохионы гарын хэлбэр, байрлал, хөдөлгөөн адилхан. Алганы чиглэлээрээ ялгарч илэрхийлэгдэнэ. “Байна” гэсэн дохионы баруун гарын алгыг зүүн тийш харуулж, ингэж дохих бол “Өгөөч” гэсэн дохионы баруун гарын алгыг дээш чиглэлтэй ингэж дохино. “Утсаа өгөөч” гэхийг алганы чиглэлийг өөрчлөн дохисноор “Утас байна” гэж ойлгогдохоор дохиж, энэ хоёр хүн хоорондоо буруу ойлголцож байна. Алганы чиглэлээ ямар зүг рүү харуулж дохихоос шалтгаалан ярианы агуулга өөрчлөгддөг тул анхаарах нь зүйтэй.
  5. Үгэн бус илэрхийлэл
    Зарим дохио адилхан гарын хэлбэр, хөдөлгөөн, байрлал, алганы чиглэлээр илэрхийлэгддэг. Үүнийг ялгахын тулд үгэн бус илэрхийлэл ашиглана. Аливаа зүйл үүсэж бий болох утгыг илэрхийлдэг “гарах” гэдэг дохиог ингэж дохино. “балрах, сүйрэх” гэсэн дохиог ингэж илэрхийлнэ. Энэхүү хоёр өөр утгатай дохио нь үгэн бус илэрхийллээрээ ялгаатай байгааг та харж байна. “Ийм шинэ утас гарсан байна” гэж утсаа сонирхуулахад нөгөө хүн нь утас нь эвдэрчээ гэж ойлгодог. Энэ хоёр хүний үл ойлголцсон харилцаанаас харахад “гарах” гэдэг үгийг дохихдоо “сүйрэх, балрах” гэсэн дохионы үгэн бус илэрхийллийг ашиглаж буруу дохисон байна. Үгэн бус илэрхийллийг өчүүхэн өөрчлөн дохиход л үл ойлголцол үүсэх учир дохиогоор илэрхийлэхдээ анхаарахад илүүдэхгүй.
To top