Дохионы хэл нь сонсголгүй хүмүүсийн харилцааны явцад байнга хувьсан өөрчлөгдөн баяжиж, хөгжиж байдаг хэл юм. Сонсголгүй нийгмийн бүлгийн хэрэглэдэг дохионы хэлийг стандартчилж, олон хувилбарт дохионоос зөвхөн сонгосон нэг дохиог нэг үгтэй холбон толь бичиг бүтээж байсан түүх дэлхийн даяар түгээмэл.
Дохионы хэлийг стандартчилах гэдэг нь сонсголгүй хүмүүсийн хэрэглэж буй утга ижил олон хувилбар бүхий дохионуудын зөвхөн нэг дохиог сонгон хөрвүүлж “үгжүүлдэг” ба бусад хувилбаруудыг үл тоомсорлодог гэсэн үг. Мөн утга ижил бусад хувилбарт дохио тус бүрийг өөр утгатай үгээр хөрвүүлэн үгжүүлэхийг хэлнэ. Хэлзүй бүтэц, зөв бичих дүрэм бүхий бичгийн хэлийг стандартчилах боломжтой. Харин дэлхийн улс орны ярианы хэл болон дохионы хэлийг стандартчилах боломжгүй.
Үүнийг та бүхэнд жишээгээр тайлбарлая. Хүмүүсийн яриандаа өргөнөөр ашигладаг “эхнэр, авгай, гэргий” гэсэн утга ойролцоо үгнээс зөвхөн “эхнэр” гэсэн нэг үгийг сонгож стандартчилаад, бусад үгийг тэмдэглэхгүй, ашиглахгүй орхих боломжгүй.
Үүний нэгэн адил монгол дохионы хэлний “мартах” гэдэг үг нь ойролцоо утга бүхий дохионы хэд хэдэн хувилбартай ба эдгээрээс зөвхөн нэгийг сонгож “мартах” гэдэг үгийн стандарт дохио болгон, бусад хувилбар дохиог нь орхигдуулах боломжгүй. Учир нь сонсголгүй иргэд “мартах” гэсэн уг дохионы олон хувилбаруудыг нөхцөл байдалд тохируулан хэрэглэдэг. Түүнчлэн уг дохионы хувилбар бүрийг утга өөр үгээр үгжүүлэх боломжгүй юм. Дохионы хувилбараараа ялгаатай ч бүгд л ижил “мартах” гэсэн утгатай.
Стандартчилсан дохионы хэлнээс суралцсан хүүхэд, тэдний эцэг эх, багш нар сонсголгүй иргэдийн нийгмийн бүлгийн гишүүдтэй дохионы хэлээр харилцан ойлголцоход хүндрэл үүсдэг нь стандартчилал ач холбогдол бага болохыг харуулж байна. Ер нь дохионы хэлийг стандартчилна гэдэг нь сонсголгүй иргэдийн хэлний эрхийг дарангуйлж буй хэлбэр юм. НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын 21-р зүйлд дохионы хэлийг хүлээн зөвшөөрч, сурталчлахыг нэгдэн орсон улс орнуудад үүрэг болгосон байдаг. Энэ нь сонсголгүй иргэдийн өдөр тутмын түгээмэл хэрэглэдэг дохионы аливаа хувилбаруудыг хүлээн зөвшөөрөх, нийтэд түгээн дэлгэрүүлэх гэсэн санааг илэрхийлж буй.
Дохионы хэл дэх дохионы хувилбар гэдэг нь нэг үгийг хэд хэдэн өөр дохиогоор илэрхийлэхийг хэлнэ. Сонсголгүй хүмүүсийн нийгмийн бүлгийн гишүүдийн нас хүйс, оршин сууж буй газар нутгийн байршил зэргээс хамааран дохионы өөр өөр хоорондоо ялгаатай хувилбарууд үүсдэг аж. Ижил утгатай өөр олон хувилбартай дохионы жишээ нь “хэлэх” гэсэн үг юм. Уг үгийн дохио нь дараах гурван өөр хувилбараар дохигдож ашиглагддаг ч утга нь ижил байна. Мөн “заах” гэсэн үгийн дохио дараах хувилбаруудтай. Амар хялбар гэсэн утгыг илэрхийлж буй “амархан” гэсэн дохиог гурван өөр байдлаар дохиж байгаа ч утга нь ижил, дохионы хувилбарууд юм. Гэхдээ эдгээр хувилбар дохионы аль нэгийн өөрийн дураар сонгон ашиглах боломжгүй нь мэдээж. Тухай сэдэв, үйл явдал, цаг хугацаа, орон зайн байршил, утга санаа агуулгатай тохирох дохионы хувилбарыг сонгон илэрхийлнэ. Дохионы хувилбарыг зөв зүйтэй хэрэглэж сурахын тулд сонсголгүй хүмүүсийн нийгмийн бүлэгт нэвтэрч тэдний дохионы хэлээр харилцаж буйг сайтар ажиглан, ярилцаж сурахаас гадна дохионы хэлний сургалтад хамрагдан сурч болно. Монгол дохионы хэлний энэхүү цахим толь бичиг дэх дохионы хувилбар болон түүнийг илэрхийлж буй жишиг өгүүлбэрээс дохионы судалж, суралцах боломжтой.