Дохионы хэлний хэрэглээ ба хувилбар

Дэлхийн олон улс орны ярианы хэл нь бичгийн хэлгүй, зөвхөн ярианы хэл байдлаар оршдог. Дохионы хэлнүүдэд бичгийн хэлбэр байдаггүй ч дохионы хэлнээс бичгийн хэл рүү хөрвүүлэх боломжтой. Хүүхдийн гэртээ ярьж байгаа хэл нь сургуульд уншиж, бичиж сурдаг хэлтэй ихэнхдээ ижил байдаг.  Харин харь улсад амьдардаг хүүхдийн гэртээ ярьдаг төрөлх хэл нь сургуульд уншиж, бичиж сурдаг хэлнээс өөр байх тохиолдол ч байдаг. Төрсөн цагаасаа дохионы хэлээр ярьдаг сонсголгүй хүүхдийн хувьд сургуульд ороод дохионы хэлээс өөр хэлээр уншиж, бичиж сурдаг. Мөн төрсөн цагаасаа дохионы хэл сураагүй, ахуйн дохио зангаа хэрэглэдэг сонсголгүй хүүхэд сургуульд элсэн ороод уншиж бичиж сурдаг хэл нь өөр хэл байх тохиолдол ч түгээмэл байдаг.

Сонсголгүй хүмүүсийн анхдагч хэл нь дохионы хэл байдаг ба зарим сонсголтой хүмүүсийн анхны хэл нь дохионы хэл байдаг. Тэд бол сонсголгүй эцэг эхээс төрсөн сонсголтой хүүхдүүд (CODA) билээ. Зарим хүмүүс сонсголгүй эцэг эхийн сонсголтой хүүхэдтэйгээ дохионы хэлээр харилцах явдлыг аман хэл ярианы хөгжилд сөргөөр нөлөөлнө гэж буруушаадаг. Сонсголтой хүүхэд дохионы хэл сурах нь хэл ярианы хөгжилд ямар ч сөрөг нөлөөгүй бөгөөд харин ч хос хэлтэй бол өсөх давуу талтай. Сонсголгүй хүмүүстэй дохионы хэлээр, сонсголтой хүмүүстэй аман ярианы хэлээр харилцах нь тэдэнд ач тустай байдаг.

Нэгээс илүү дохионы хэлтэй хэд хэдэн орон байдаг. Олонх нь хэрэглэдэг дохионы хэл ба цөөнх хэрэглэдэг нэг буюу хэд хэдэн дохионы хэлтэй байж болно. Тухайлбал, дохионы хэлтэй нийгмийн бүлэг бүр дохионы хэлний хувилбар бүхий хэлтэй байдаг. Мөн ярианы хэлний ганц үгийн утгыг олон өөр дохиогоор илэрхийлэх нь бий. 

Дохионы хэлний хувилбар хэрэглэгчдийн нас, хүйс, амьдардаг газар зүйн байрлалаас шалтгаалж үүсдэг байна.  Ярианы хэлэнд илэрхийлж буй утга ижил ч дуудлага ба бичлэг нь өөрөөр бичигддэг шиг дохионы хэлэнд өөрөөр дохигддог ч утга ижил байдаг дохионуудыг мөн дохионы хэлний хувилбар гэж үздэг.

To top