Дохионы хэл нь ярианы хэлнээс зарим талаараа ялгаатай, гэвч энэ хоёр хэлний баймж утга нь адилхан хүчин төгөлдөр харилцааны хэрэгсэл мөн. Нэг хэлний баймжийг нөгөө хэлнээс дутуу эсвэл илүү гэх үндэслэлгүй бөгөөд эн тэнцүү хэл юм.
Хүмүүс дохионы хэлийг зөвхөн дохио зангааг ашигладаг гэсэн буруу ойлголттой байдаг. Энэ нь үнэнд нийцэхгүй бөгөөд дохионы хэл нь ярианы хэлний нэгэн адил өөрийн гэсэн хэл зүйн бүтэц дүрэмтэй хэл юм. Дохионы хэл нь сонсголгүй хүмүүсийн харилцааны явцад байгалийн жамаар бий болсон хэл бөгөөд хэн нэгний зохион бүтээсэн зохиомол зүйл биш юм. Аман ярианы дүрслэл биш тул, амаараа ярихдаа дохионы хэлээр зэрэг ярьж болохгүй ба ярианы бүх үгийг хурууны үсгээр үсэглэх ч боломжгүй, учир нь энэ хоёр хэлний өгүүлбэрийг бүтэц огт өөр байдаг. Дохионы хэл нь ямар нэг талаараа дутуу зүйлгүй төдийгүй дохионы хэлээр аливаа утга агуулга болон үзэл бодол, сэтгэлээ бүрэн дүүрэн илэрхийлэх боломжтой. Энэ утгаараа дохионы хэлийг цааш сайжруулах, хөгжүүлэх, баяжуулах шаардлага байхгүй.
Ярианы хэл хийгээд дохионы хэл нь ашигладаг арга хэлбэрээрээ бие биеэсээ ялгарна. Ярианы хэл нь сонсголын ба дуу хоолойн сувгийг ашигладаг бол, дохионы хэл нь дүрслэлдээ харааны мэдрэхүйг ашигладгаараа ялгаатай. Ярианы хэлний нэг үг авиа, авиалбаруудаас бүтдэг бол дохионы хэлний нэг дохио нь гарын хэлбэр, байрлал, хөдөлгөөн, алганы чиглэл, үгэн бус илэрхийлэл гэсэн таван бүрдүүлбэрээс бүрдэнэ. Хэдий уг хоёр хэл нь хэл зүйн ялгаатай дүрэмтэй хэдий ч тус тусдаа өөрийн гэсэн бүтэц тогтолцоотой эн тэнцүү хэл билээ.
Дохионы хэлний таван бүрдүүлбэрийг “САЛХИ” гэдэг дохиогоор жишээ авч тайлбарлая.
Гарын хэлбэр нь бол уг дохиог илэрхийлэх байрлал нь уруул, эрүүнээс зайтай байна. Шулуун давтагдах хөдөлгөөнтэй байна. Алгаа урагш харуулсан чиглэлтэй байна. Уруулаараа үлээх үйлдэл нь үгэн бус илэрхийлэл юм. Эдгээр 5 бүрдүүлбэр нэгдэн “салхи” гэсэн нэг дохиог хэлзүйн дүрмийн дагуу илэрхийлж байна.
Мөн дохионы хэлний өгүүлбэрийг хэлзүйн дүрмийн дагуу нүүрний хувирал, биеийн хөдөлгөөнөөс гадна дохиж буй хүний урдах болон эргэн тойрны орон зайн байрлалыг ашиглан илэрхийлдэг. Жишээлбэл, “МАШИН, МӨРГӨЛДӨХ” гэсэн хоёрхон дохиогоор илэрхийлж буй боловч үнэн хэрэгтээ “Өөд өөдөөсөө явж байсан хоёр машин маш хүчтэй мөргөлдөж, хоёр машины хамар хоёулаа дотогшоо чихэгджээ” гэсэн утгатай өгүүлбэр илэрхийлж байгаа юм. Цээжний урд хэсгийн байрлалд дохиж байгаа нь өөртөө хамаатуулж яриагүйг илтгэж байгаа бол хоёр гараараа машины дүрслэлээр илэрхийлэн бие бие рүү нь чиглүүлж “мөргөлдөх” үйлдэл хийж байгаа нь “өөд өөдөөсөө чиглэн явсан хоёр машин мөргөлдөж байгаа”-г илэрхийлж байна. “Мөргөлдөх” үйлдэл гаргасны дараа хоёр гарын хэлбэр өөрчлөгдөж байгааг анзаарсан байх. Энэ нь “уг хоёр машин мөргөлдөөд машины хамар нь дотогшоо чихэгдсэн” үйлдлийг харуулж байна. Харин уг машин “мөргөлдөх” үйлдлийг илэрхийлэх явцтай зэрэгцэн хөмсөг зангидах, уруулаа цорвойлгон “пүү” гэсэн үйлдлээр илэрхийлж байгаа нь “маш хүчтэй мөргөлдсөн” гэсэн утгыг илэрхийлж байна.
Үүнээс үзэхэд дохионы хэлний өгүүлбэр ч маш нарийн хэл зүйн дүрэмтэй болох нь харагдаж байна. Хэдий дохионы хэлний хэлзүй нь ярианы хэлний хэлзүйн дүрэмтэй харилцан адилгүй ч эн тэнцүү хэл юм. Ярианы хэлний хэлзүйн бүтцэд дохионы хэлийг нийцүүлэх гэж хүчлэх шаардлагагүй. Учир нь дохионы хэл нь жам ёсоор бий болсон өөрийн гэсэн хэлзүйн дүрэм бүхий бие даасан хэл гэдгийг хүндлүүштэй юм.