Монгол дохионы хэлний хөгжлийн түүх

Монгол дохионы хэл нь монгол улсын сонсголгүй иргэдийн эх хэл юм. Сонсголгүй хүмүүсийн харилцааны явцад үүсэн бий болсон өөрийн гэсэн хэл зүйн бүтэц дүрэм, тогтолцоотой хэл. Монгол улс нь 2009 оны 05 дугаар сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) 73 дахь тогтоол, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид нэгдэн орж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох тэгш эрх, түүнийг хангах, хэрэгжүүлэх, хамгаалах зорилт бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр баталсан. Уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Монгол дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн бөгөөд сонсголгүй хүн дохионы хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхтэй” гэж заасан нь монгол дохионы хэлийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн чухал алхам болсон.

Хүн үүссэн цагаас дохио зангаа бий болсон ч, дэлхий дахинаа дохионы хэлийг сургалтад ашиглагдсан цаг үеийг XIV зуун гэж тодорхойлдог. Манай улсад ардын хувьсгалаас өмнө 1890-ээд онд амьдарч байсан 138 сонсголгүй иргэдийн бүртгэл байдаг талаар Монголын сонсголгүй иргэдийн үндэсний холбооны гаргасан “Зүрхний сонор” түүхэн замнал, сургамж амжилт номд дурджээ. Гэхдээ тэдгээр иргэдийн өөрсдийгөө илэрхийлж, харилцаж байсан дохионы хэлний талаар тодорхой мэдээ баримт хараахан олдоогүй.

БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1964 оны 481 дүгээр тогтоолоор хараагүй болон сонсголгүй хүүхдийн 29-р сургууль байгуулагдсан үеэс монгол дохионы хэлний хэрэглээ ихэссэн. Улаанбаатар хотын 29 дүгээр тусгай сургууль байгуулагдсан эхэн үед (хуучнаар) Зөвлөлт Холбоот улсад мэргэшсэн багш нар орос хурууны үсэг ба зарим дохиог монгол улсад нэвтрүүлж, “ө, ү” хурууны үсгийг шинээр зохион сургалтад ашиглаж эхэлсэн. Түүнээс хойш тус сургуулийн сонсголгүй сурагчид, сонсголгүй иргэдийн харилцааны явцад монгол дохионы хэл илүү хөгжин, боловсронгуй болжээ.

1994 оноос сонсголгүй иргэдийн нийгмийн бүлэгт монгол дохионы хэлний хэлмэрч нар сайн дураараа орчуулга хийх явцад үгийг дохиожуулах хэрэгцээ гарсан. Хэсэг сонсголгүй иргэд нэгдэж нэн шаардлагатай үгсийг шинээр дохио зохион дохиожуулж, орчуулгын үйл ажиллагаандаа хэрэглэж байлаа. Энэхүү үйл ажиллагаа өргөжин улмаар 1997 оноос сонсголгүй иргэдийн Дэмжих гар холбоог байгуулж, шинэ дохио зохиож, үгсийг дохиожуулах, монгол дохионы хэлний сургалт зохион байгуулж, сонсголгүй иргэд, хүүхэд, багш, эцэг эх, нийтэд монгол дохионы хэлийг сурталчлах ажлыг 2005 он хүртэл эрчимтэй хийж байлаа. Тухайн үед шинээр нэвтэрсэн ихэнх дохиог өдгөө нийт сонсголгүй иргэд өдөр тутамдаа ашигласаар байна.

Монгол үндэсний дохионы хэлийг боловсруулах зорилгоор (тухайн үеийн) БСШУ-ны сайдын 2005 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 58 дугаар тушаалаар монгол үндэсний дохиог боловсруулах, стандартжуулах ажил явагдаж, 2006 онд 3000 гаруй үгтэй “Монгол дохионы хэлний толь бичиг” хэвлэгдэн гарч байсан. 2009-2011 онд тухайн үеийн БСШУЯ-ны дэргэд байгуулагдсан монгол дохионы хэлний стандарт боловсруулах ажлын хэсэг нь 2006 онд боловсруулан гаргасан 3000 үгтэй монгол дохионы хэлний толь бичигт дүн шинжилгээ хийж, “Нэг үг-нэг дохио” зарчмаар тухайн толь бичгийн үг бүрийн дохиог стандартчилах ажлыг хийж байсан. Гэтэл 2011 онд Дэлхийн сонсголгүй иргэдийн холбоо, Дэлхийн дохионы хэлний орчуулагчдын холбооны хамтарсан “Аливаа дохионы хэлийг стандартжуулахыг хориглосон” мэдэгдэл гаргасан.  Учир нь хэлийг стандартжуулах боломжгүй бөгөөд хэл зүй тогтлын улмаас хөгжиж, өөрчлөгдөн дараах үедээ өвлөгддөг. Дохионы хэлийг стандартчилах нь үр дүнгүй төдийгүй сонсголгүй иргэдийн хэлний эрхийг зөрчиж байгаа явдал гэдгийг 2012 онд мэдсэнээс хойш монгол дохионы хэлийг стандартчилах үйл ажиллагаа зогссон.

2009-2011 оны үед монгол дохионы хэлний стандарт боловсруулах ажлын хэсэг “Монгол дохионы хэлний түгээмэл дохио”-ны судалгааг санаачлан хийж байсан. Моррис Свадишийн бүх хэлэнд байдаг түгээмэл 200 үгийг дохионы хэлний судалгаанд зориулсан Вүүдвардын 100 үгийн жагсаалтын аргаар судалгааг Улаанбаатар хот болон 4 бүсийн сонсголгүй иргэдийн дунд хийсэн. Ингэхдээ өсвөр, идэр, ахимаг насны бүлгийн ашигладаг түгээмэл 100 дохиог илэрхийлж буй дохионы хэлийг таван бүрдүүлбэрээр анализ хийсэн нь монгол дохионы хэлний анхны хэл шинжлэлийн судалгаа болсон юм. Мөн энэ үеэр монгол дохиог орос дохиотой харьцуулсан бөгөөд ижил төстэй байдал нь 16 хувь гарсан нь уг хоёр хэл тусдаа бие даасан бөгөөд өөр хэлний эхтэйг тодорхойлсон нь монгол дохионы хэлний талаар хийгдсэн эхний судалгаанууд болсон.

Ийнхүү 2021 оныг хүртэл сонсголгүй иргэд, монгол дохионы хэлний хэлмэрч нар өөрсдийн ажлын хүрээнд монгол дохионы хэлийг хэл зүйн талаас бие даан судалж, туршлага хуримтлуулж, дохионы хэлээ хөгжүүлэх ажилд оролцсоор ирсэн төдийгүй  гадаадын оюутан, судлаачид монгол дохионы хэлний бүтцийг зарим талаар судалж нийтлэл бичсэн байдаг.

2021 оноос Финланд Улсын Гадаад хэргийн яам,  Финландын ФЛОМ байгууллагын санхүүжилтээр Тэгш Тусгал ТББ-ын хэрэгжүүлж буй “Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх” төслийн хүрээнд монгол дохионы хэлийг хэл шинжлэлийн үүднээс судлах ажлыг явуулж, энэхүү цахим толь бичгийг боловсруулан гаргалаа.

Монгол дохионы хэлний цахим толь бичиг нь дөрвөн жилийн хугацаанд 150 гаруй иргэн гар бие оролцож, хичээнгүйлэн ажилласны үр дүнд бүтээгдэн нийтийн хүртээл болж байна.

“Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх” төсөл болон монгол дохионы хэлний судалгааны ажлын талаарх мэдээллийг “Хэлний адилсал” баримтат киноноос дараах линкээр хүлээн авч үзнэ үү.

To top