Дэлхийн улс орон бүр өөрсдийн гэсэн өвөрмөц соёлоороо онцгойрч, ялгарч байдаг. Дэлхийн улс орон бүрийн хүн ард хэл, хоол хүнс, хувцас хэрэглэл, зан заншил, итгэл бишрэл, шашин шүтлэг зэргээрээ ялгардаг. Дэлхий даяарх сонсголгүй хүмүүсийн нийгмийн бүлгийн дунд “сонсголгүйн соёл” гэсэн ойлголт байдаг.
Дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг сонсголгүй хүмүүс энэхүү “сонсголгүйн соёл”-д үнэт зүйл, итгэл үнэмшил, дадал зуршлаараа уялдах бөгөөд сонсголгүй хүмүүсийн ахуй соёл, дохионы хэл ба сонсголгүй хүний адилслаар нийтлэг байдаг.
Дохионы хэлийг хэрэглэх харилцаа нь сонсголгүй хүмүүсийн нийгмийн бүлгийн соёлын шинж чанар юм. Сонсголгүйн соёл гэдэг нь өргөн хүрээний ойлголт бөгөөд энэхүү соёлын онцлогийг зарим жишээгээр танилцуулъя.
- Сонсголгүй хүн хоорондоо харилцахдаа ямар нэг зүйлд сатааралгүй харцаа салгалгүйгээр харилцах нь сонсголгүй хүний соёлын нэг чухал онцлог юм.
- Сонсголгүй хүн бүдэг гэрэлтэй орчинд дохионы хэлээр харилцахад хязгаарлалттай тул хангалттай гэрэлтүүлэгтэй орчин шаардлагатай байдаг нь соёлын нэг хэсэг юм.
- Тог тасарсан харанхуй үед ч сонсголгүй хүн харилцах боломжтой байдаг. Энэ үед сонсголгүй-хараагүй хүмүүсийн харилцааны хэрэгсэл болох “дактиль” аргаар харилцдаг.
- Сонсголгүй хүмүүс хэсэг бүлгээрээ дохиогоор ярилцах тохиолдолд гол төлөв босоогоороо эсвэл тойрог маягаар сууж ярилцдаг нь харах орчныг хялбар дөхөм болгодог сонсголгүйн соёлын нэг онцлог болдог.
- Спортын уралдаан тэмцээн, Дифлимп, олон улсын хурал, чуулган гэх мэт олон улсын чанартай арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс сонсголгүй хүмүүс олноор цугларахдаа хоорондоо асар эрч хүчтэйгээр харилцдаг ч арга хэмжээ дуусаад хүмүүс нутаг орон руугаа буцахад энэхүү түр зуурын өндөр эрчимтэй харилцаа замхран алга болдог.
Энэ нь дэлхий даяарх сонсголгүй хүмүүсийн соёлын нийтлэг онцлог юм. Улс орнуудын сонсголгүй хүмүүсийн нийгмийн бүлгийн соёлын зан үйлийн ялгаа байдаг боловч, хэд хэдэн соёлын практик нь олон сонсголгүй хүмүүсийн бүлгүүдэд нийтлэг байдаг бөгөөд энэ нь дэлхий дахины сонсголгүй хүмүүсийг нэгтгэж байдаг.
Дэлхийн улс орнуудын дохионы хэлнүүд нь өөр хоорондоо ялгаатай боловч зарим талаараа ижил төстэй. Учир нь гараар илэрхийлэгдэн, нүүрний хувирал хөдөлгөөн, харц салгалгүй харилцах, хэл зүйн үр нөлөөг сайжруулахын тулд орон зай ашигладаг байдлаараа ижил юм. Дохионы хэлний ялгаатай байдлаас үл хамааран дохионы хэлийг хэрэглэж байгаа нь дэлхийн өнцөг булан бүрд буй сонсголгүй хүмүүсийг нэгтгэж байдаг.
Сонсголгүй хүмүүсийн адилсал нь тэдний амьдралдаа үзэж туулсан нийтлэг туршлага, сонсголгүй иргэдийн бүлгийн хэсэг болон харьяалагдах мэдрэмж юм. Хүн бүрийн адилсал бусад хүнээс ихээхэн ялгаатай байдаг ч хэл соёл, адилсал нь хүн байхын чухал элементүүд билээ. Сонсголгүйн соёл бол сонсголгүй хүмүүсийн нийгмийн бүлгийн тулгуур суурь юм.