Дохионы хэл нь сонсголгүй хүмүүсийн харилцааны явцад бий болсон жам ёсны хэл мөн. Тийм учраас сонсголгүй хүмүүс өөрсдийгөө дохионы хэлээр илэрхийлэх эрхтэй, тэднийг аман ярианы хэлээр ярих, хэрэглэхийг тулгах ёсгүй.
Дэлхийн өнцөг булан бүрд байдаг зарим сонсголгүй хүмүүс дохионы хэлийг мэддэггүй, дохионы хэлийг хэрэглэдэг хүмүүс гол төлөв хэлнийхээ тухай хангалттай мэдээлэлгүй байдаг. Учир нь дохионы хэлтэй сонсголгүй эцэг эхтэй хүмүүс цөөн бол ихэнх сонсголгүй хүмүүс дохионы хэлний чадваргүй, дохионы хэлний тухай мэдлэггүй, хүүхэдтэйгээ дохионы хэлээр харилцаж чаддаггүй сонсголтой эцэг эхтэй байдаг. Сонсголгүй хүүхэд дохионы хэлийг хэрэглэж чадалгүй өсөж торних явдлаас гадна сургуульд нь дохионы хэлийг хэрэглэдэггүй, хэрэглэхийг зөвшөөрдөггүй аман хэлэнд сургах оролдлого хийдэг явдал ч бий. Хэдий монгол хэл, математик, дүрслэх урлаг, биеийн тамир гэх мэт хичээл ордог ч дохионы хэлний хичээл ордоггүй. Зарим газар бусад хичээлүүдийн нэгэн адил дохионы хэлний хичээл ордог ч дохионы хэл хангалттай эзэмшээгүй, зааж чаддаггүй багш нар ч байдаг. Дохионы хэл мэддэггүй сонсголтой эцэг эх нь хүүхдээ сургуульд явуулахгүй нас биед хүрсэн ч дохионы хэл мэддэггүй хүмүүс ч байдаг.
Эцэг эх нь дохионы хэл мэдэхгүйн улмаас хүүхэдтэйгээ харилцаж чадахгүй байх, сургуульд дохионы хэлний боловсрол олголт хангалтгүйн улмаас сонсголгүй хүмүүс дохионы хэлээ мэдэхгүй байх мэддэг ч хэлнийхээ талаар нарийн ойлголтгүй болсон байдаг. Тийм учраас дохионы хэлний талаар үйл ажиллагаа явуулдаг хүмүүс сонсголгүй иргэдийн бүлэгт дохионы хэлний тухай мэдээллийг хүртээмжтэй хүргэх хэрэгтэй. Мөн сонсголтой хүмүүсийн нийгэм уг мэдээллийг хүргэснээр тэдний дохионы хэлний тухай ойлголт нэмэгдэж, улмаар сонсголгүй хүмүүсийн нийгмийн бүлэгт дохионы хэл нь ямар чухал болох тухай мэдээлэлтэй болох ач тустай.
Дэлхийн улс орнуудын сонсголгүй хүмүүсийн хэрэглэж байгаа янз бүрийн дохионы хэл нь харилцааны адил тэгш арга хэрэгсэл юм, тийм учраас хэрэглэгдэж, хүндэтгэл хүлээж байх ёстой. Энэ талаарх мэдээллийг дэлхийн сонсголгүй иргэдийн холбооны сайтаас (WFDeaf.org) үзэж сонирхож болно. Өөрийн улсын нийгмийн бүлэг хэрэглэдэг дохионы хэл байсаар байтал уг хэлээ голж гадаад улсын дохионы хэлийг шууд импортлох, эсвэл олон улсын дохиог биширч нэвтрүүлэх ёсгүй юм. Мөн аливаа улс өөрийн хэрэглэдэг дохионы хэлтэй байхад гадаад улсын хүмүүс өөрсдийн хэлийг нэвтрүүлэх оролдлого хийх ёсгүй. Тухайн улсын дохионы хэл нь нэг үеийн сонсголгүй хүмүүсээс дараагийн үеийн сонсголгүй хүмүүстээ өвлөгдөж байдаг ба дохионы хэлний эзэмшигчийн эрх нь тухайн улсын сонсголгүй хүмүүсийн нийгмийн бүлгийн мэдэлд байх ёстой. Тийм учраас тухайн нийгмийн бүлгээс гадуурх өөр улсын сонсголгүй хүмүүс эсвэл тухайн улсын сонсголтой хүмүүс уг дохионы хэлийг өөрчлөх санал гаргах, тулгалт хийх эрхгүй юм.