Талархал

Монгол дохионы хэлний цахим толь бичиг нь дотоод гадаадын эрдэмтэн судлаач, энэ чиглэлээр үйл ажиллагаа өрнүүлдэг олон байгууллагын дэмжлэг туслалцаа, хичээл зүтгэл, хамтын нөр их хөдөлмөрийн үр шимээр бий болж, монгол дохионы хэлний хөгжилд үр өгөөжтэй, үнэтэй хувь нэмэр оруулсан ажил болж Монголын дохионы хэл сонирхон судлагч, эл хэлээр ярилцагчдад зориулан танин барихад бэлэн боллоо.

Уг цахим толь бичгийг боловсруулан нийтийн хүртээл болгоход хамтран ажилласан дараах байгууллага, хувь хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

  1. Монгол дохионы хэлний цахим толь бичгийг “Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх” төслийн хүрээнд бүтээсэн ба энэхүү төслийг санхүүжүүлсэн Финланд Улсын Гадаад харилцааны яам, ФЛОМ байгууллага, төслийг хэрэгжүүлэгч Тэгш Тусгал ТББ-ын хамт олонд талархал илэрхийлье.
  2. Төслийг хэрэгжүүлэхэд дараах иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажилласан бөгөөд Монгол Улсын Сонсголгүй иргэдийн үндэсний холбоо ТББ, Монгол үндэсний дохионы хэлний хөгжлийн зөвлөл ТББ,  Сонсголгүйн боловсрол ТББ, Мянганы хөгжлийн туурвил ТББ-ын “Диф Клуб”, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо ТББ болон төслийн хамтрагч бусад ТББ-уудад баярласнаа илэрхийлье.
  3. Монгол дохионы хэлийг судалж баримтжуулан, задлан шинжилгээ хийх, цахим толь бичиг боловсруулах ажлыг чиглүүлэн зөвлөхөөр ажилласан дохионы хэл шинжээч Финланд Улсын сонсголгүй иргэн Артту Лийкамаа, Нина Сувинен, Хенна Сиржала нартаа талархаж буйг хүлээн авна уу.
  4. Монгол дохионы хэлний цахим толь бичгийн “Мэдээлэл” хэсгийн бичлэгт орсон зургийг зурсан Финланд улсын сонсголгүй зураач Петра Жува танд талархал илэрхийлье.
  5. Монгол дохионы хэлний өгөгдөл мэдээллийг веб сайтад оруулан, цахим толь бичгийн загвар боловсруулан гаргасан Финланд Улсын сонсголгүй иргэн Микко Пало, гарын хэлбэр, хурууны үсгийн зураг даруулсан сонсголгүй залуу М.Төгөлдөр танд гялайлаа.
  6. Монгол дохионы хэлний судлаачдын задлан шинжилсэн дохиог хэлэлцэх, тухайн дохионы хувилбарыг олж илрүүлэх, цахим толь бичигт оруулах дохионы бичлэг хийлгэх зэрэг ажилд хамтран ажилласан орон нутгийн иргэд болон сонсголгүй иргэдийн иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс сонгогдсон монгол дохионы хэлний Ажлын хэсэг болон сайн дурын багийн гишүүддээ мөн талархал илэрхийлье.
  7. Монгол дохионы хэлний Ажлын хэсгийн гишүүдийн хэлэлцэн шийдсэн дохио бүрийг монгол хэлээр үгжүүлэх, оноох ажлыг гүйцэтгэсэн Үгжүүлэлтийн багийн гишүүн монгол дохионы хэлний хэлмэрч С.Солонго, сонсголгүй орчуулагч А.Баасанжав, Л.Ундрах  мөн үгжүүлэлтээс гадна жишиг өгүүлбэрийг бичгийн хэлээр хөрвүүлсэн монгол дохионы хэлний хэлмэрч Г.Хүслэн нартаа баярласан сэтгэлээ илэрхийлье.
  8. Монгол дохионы хэлээр илэрхийлсэн жишиг өгүүлбэрийг монгол хэлээр орчуулсан орчуулгыг хянаж, монгол бичгээр хөрвүүлсэн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Гэндэнпилд баярлалаа.
  9. Монгол дохионы хэлний дохионы үгийн оноолт, үгжүүлэлт, монгол бичгийн хөрвүүлгийг ариутган шүүж, хянасан Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, доктор Н.Нарангэрэл, эрдэм шинжилгээний ажилтан Т.Даваасүрэн нарт талархал илэрхийлье.
  10. Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэн, эл төслийн үр дүнг бататган, хэрэглээний орчныг бий болгоход мятаршгүй сэтгэлээр чармайн зүтгэсэн “Монгол дохионы хэлний цахим толь бичиг” боловсруулан гаргасан төслийн менежер Л.Соёлмаа, төслийн монгол дохионы хэлний судлаач М.Ганбаатар, Б.Бямбасүрэн, П.Ганхуяг, М.Ганжаргал болон төслийн монгол дохионы хэлний хэлмэрч И.Болормаа, Э.Агиймаа, Д.Үүрийнтуяа нартаа дахин дахин талархахын ялдамд энэ төслийг бүтээлцсэн бүх хүмүүний эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.
To top