Харилцаа нь хэл шинжлэлийн буюу байгалиас заяасан төрөлх хэлээр харилцах болон хэл шинжлэлийн бус байдлаар харилцах гэсэн хоёр төрлийн харилцах арга бий. Тухайлбал сонсголтой ба сонсголгүй хүн хоорондоо харилцах түгээмэл хэл байхгүй үед гараар заах, дохио зангаа, нүүр хувирал, хөдөлгөөн буюу “биеийн хэл”-ээр харилцахыг хэл шинжлэлийн бус харилцаа гэнэ.
Хэл шинжлэлийн буюу байгалиас заяасан төрөлх хэлээр харилцах харилцаа гэдэгт сонсголтой хүмүүс ярианы хэлээр, сонсголгүй хүмүүс дохионы хэлээр харилцахыг хэлдэг. Дэлхийн улс орнуудын ярианы хэл өөр байдаг шиг дохионы хэл мөн өөр байдаг.
Хүн төрөлхтний хөгжлийн явцад байгалийн жам ёсоор үүсэж хөгжсөн яриа болон дохионы хэл нь хэл шинжлэлийн хувьд эн тэнцүү хэл юм. Байгалийн жамаар үүсэж хөгжсөн эх хэлийг мөн эсэхийг тогтоох хэд хэдэн шалгуур гэж бий.
- Аливаа хэлэнд утгыг бэлэг тэмдгээр дамжуулдаг. Ярианы хэлний үгс, дохионы хэлний дохио тус бүр тодорхой утгыг илэрхийлдэг бэлэг тэмдэг юм. Тухайн дохиог илэрхийлдэг бэлэг тэмдгийг оюун ухаандаа дүрслэн, утгыг нь ойлгодог.
Жишээлбэл, “МАШИН” гэж дохиход уг бэлэг тэмдэг “дөрвөн дугуйтай бүхээгтэй, асаж буй 2 гэрэл бүхий техникийг жолооддог” гэж дүрслэгддэг.
Мөн “ХӨДӨӨ” гэдэг дохиход “уул ус бүхий тал хээр газарт адуу мал, хонин сүрэг бэлчин, монгол гэрүүд налайн байгаа” зураглал бидний оюунд уг бэлэг тэмдгээр дүрслэгдэж утга дамжуулдаг. - Жам ёсны аливаа хэл хэлзүйтэй. Ярианы хэлэн дэх үгс хэл зүйн бүтэц, дарааллын дагуу бүрэлдэн өгүүлбэрийг бүтээдэг бол дохионы хэлний хэлзүй гэж нүүрний хувирал, орон зайд дохиж буйг хэлдэг.
- Хэлнүүд нь жам ёсоор бий болж, өөрчлөгдөж, хувирч байдаг. Ярианы хэл нь сонсголтой хүмүүсийн нийгмийн бүлэгт, дохионы хэл нь сонсголгүй хүмүүсийн нийгмийн бүлгийн дунд хөгжиж, өөрчлөгддөг.
- Хэл нь нэг үеэс дараа үедээ өвлөгдөж байдаг.
- Хүүхдийн анхны хэл нь ярианы эсвэл дохионы хэл байна. Дараа нь бичиж сурдаг ба бичгийн хэл нь хэлний хоёрдогч хэлбэр юм.
Дээрх шалгуураар жам ёсны хэлийг тодорхойлдог юм.